Манай Хамгаалалтын захиргаа нь Бээжингийн ойн их сургуультай (BFU) 2016 оны намар Зүүн бүсийн “Ховор, нэн ховор шувуудын нүүдлийн замналыг судлах, мониторинг хийх” ажлын гэрээг байгуулж, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансараар батлуулан ажиллаж байна.

       Энэхүү судалгаа нь Монгол орны зүүн бүсийн ялангуяа Монгол орны Дагуурын хээрт багтах нуур, голуудад үржлийн болон үржлийн бус тохиолдох ховор зүйл шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөн зэргийг судлах шинжлэх ухааны судалгааны ажил юм.

       Судалгааг Монгол орны зүүн бүсийн томоохон гол нуурууд болох Хэрлэн, Улз гол мөн Дорнод аймгийн Баяндун сумын Түргэний цагаан нуур, Дашбалбар сумын Чух нуур, Монгол Дагуурын ДЦГ, Угтамын  БНГ-т хийж гүйцэтгэсэн.

         Гэрээний дагуу Хятадын Бээжингийн ойн их сургуулиас 2017 онд 16 дамжуулагч, 2018 онд 67 дамжуулагчыг авч ирж судалгаанд ашигласан.

        Манай Хамгаалалтын захиргааны зүгээс гэрээнд заасан нөхцлийн дагуу хээрийн судалгаанд шаардлагатай судлаачдын байр, хоол, тээвэр мөн судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагчид зэрэг хүн хүчээр хангаж ажиллалаа. Уг судалгааны ажлыг шувуу судлаачдаас бүрдсэн мэргэжлийн хамт олон гүйцэтгэсэн.    

         Судалгааны арга зүй, мэдээ боловсруулах, шувуудыг аюулгүй барьж дамжуулагчийг зүй зохистой зүүх зэрэг мэргэжлийн ажлыг шинжлэх ухааны талаас нь Монголын шувуу хамгаалах төв ахлан ажилласан. Бидний гэрээний дагуу шувуудад дамжуулагч зүүх, үржлийн үеийн зан төрх, үүрлэх орчин зэрэг зарим экологи, биологийн судалгаанууд хоёр дахь жилдээ амжилттай хийгдсэн.

       Уг судалгааны ажлын гэрээний хүрээнд 2017-2018 оны хугацаанд нийт 6 зүйлийн 83 бодгаль ховор шувуудад дамжуулагч зүүлээ. Судалгааны эхний жил буюу 2017 онд 4 зүйлийн 16 бодгаль шувуунд дамжуулагч зүүж нүүдлийн судалгааг эхлүүлсэн бол 2018 онд 6 зүйлийн 67 бодгаль шувуунд дамжуулагч зүүсэн.  Үүнд: цэн тогоруу -49, хонин тоодог -8, хархираа тогоруу- 9, өвөгт тогоруу -10, хар тогоруу-1, идлэг шонхор -6 –д  дамжуулагч зүүж тандан судалж  мэдээг авч ажиллаж байна.

 

Өмнөх жилийн тогоруунууд маань бүтэн жилийн нүүдлийн мэдээгээ өгсөн бол энэ зуны бусад шувууд маань зөвхөн намрын нүүдлийн хагас мэдээгээ өгөөд байна.

Уг судалгааны ажлын хүрээнд 2018 оны 5 сард Монгол оронд анх удаа Хар тогоруунд дамжуулагч зүүж нүүдлийг нь тандан судалж байна.

Хар тогоруу /Grus monacha/   манайд үрждэггүй, зөвхөн зусаж буй тохиолддог зүйл юм. Бидний барьсан дамжуулагчтай хар тогоруу маань Баяндун сумын Түргэний цагаан нуураас хөдлөөд Хөх нуураар дамжин хойш эргэж Оросын Тарь нуур, Онон голын ай сав, түүнээсээ зүүн эргэн урагшилсаар Амар мөрөн орж уруудан Хятадын зүүн хойд хэсэгт нэлээд саатаад, одоогоор Японд очоод байна.

Манайд зусдаг хар тогоруу Японд өвөлждөг болох нь одоогоор мэдэгдээд байна.

Хархираа тогоруу /Grus grus / Хархираа тогорууд маань Улз, Хэрлэн голоос нисэж Буйр нуурыг даван Халх голын сав газарт саатаад Хянганы уулсыг даван Хятадын зүүн хойд хэсэгт хүрээд байна.

Өвөгт тогоруу /Antropoides virgo/Төвийн бүсээс ниссэн Өвөгт тогоруунууд маань Хималайн нуруу хүрч одоогоор хойд бэлд нь түр саатаад байна.

Хонин тоодог / Otis tarda /Хонин тоодогууд маань Дорнодын Цагаан-Овоо сумын нутагт саатаж амраад одоогоор Өвөр Монголын нутагт хүрээд байна.

Идлэг шонхор Saker Falcon /Falco cherring/   Угтамын БНГ-аас нэг үүрний хос идлэг шонхорыг барьж дамжуулагч зүүж тэдний үүр орчмын үржлийн үеийн шилжилт хөдөлгөөн болон намрын нүүдлийг тандаж байна. Эр шонхор 7 сараас хойш өнөөг хүртэл үүр орчимоо сахиж үлдсэн бол эм шонхор 8 сарын сүүлээр шилжилт хөдөлгөөн хийж одоогоор говийн бүсэд буюу Өвөр Монголын нутагт очоод байна. Идлэг шонхор бол бүтэн нүүдэг зүйл биш хагас нүүдлийн шувуу юм. Өөрөөр хэлбэл зарим бодгалиуд нь үржлийн нутагтаа идэш тэжээлийн хүрэлцээгээ даган өвөлждөг. Ялангуяа эр шонхорууд үүр орчмын нутагтаа үлдэж, өөрийн эзэмшил нутгаа хамгаалан өвөлждөг. Эм шонхор үржлийн нутгаасаа нүүснээс хойших 3 сар орчмын хугацаанд Өвөр Монголын нутагт хэд хэдэн удаа очиж мөн буцаж Монголын нутаг руу орж, ялангуяа говийн бүс болох Дорноговь, Дундговь мөн Өмнөговийн нутгаар байршсан юм. Монгол орны баруун болон төвийн бүсийн дийлэнх идлэг шонхорууд Төвдийн хавтгай руу нүүж, тэндээ ихэвчлэн өвөлждөг тухай судалгаа бий. Харин эм шонхор маань өнөөг хүртэл зөвхөн говийн бүсээр байршиж байна. Эм шувуу маань нүүдлийн үедээ аюултай гэх хэд хэдэн 15кВ-ийн өндөр хүчдэлийн түгээх шугамуудыг дайран гарсан. Үнэхээр азтай тохиолдол боллоо. Нүүдэл бол ямар ч зүйл амьтдын хувьд их том эрсдэл. Ялангуяа дийлэнх эм шувууд нь нүүдэг зүйлүүдийн популяцийн хувьд. Монгол бол идлэг шонхорын Азийн үржлийн популяцид маш чухал газар нутаг

 

Мэдээг: УТХГ-ын Дорнод хамгаалалтын захиргаа

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now