2019 оны 10 сарын 04
Монгол орон бол олон зүйлийн эргийн шувуудын хувьд нүүдлийн үедээ бууж амардаг чухал нутаг учир энэ зүйл шувуудын нүүдлийн экологийн судалгаа чухал ач холбогдолтой юм. Гэвч эргийн шувуудын судалгааны ажил дутмаг хэвээр байна. Иймд бид 2019 оноос эргийн шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судлах удаан хугацааны мониторингийн ажлыг Чух нууранд эхлүүлээд байна. Бид хаврын судалгаагаар нийт 30 зүйлийн 1731 эргийн шувууг ажиглаж бүртгэсэн ба эдгээрээс 16 зүйлийн 70 бодгалийг барьж, морфологи хэмжилтүүдийг авч, металл болон өнгөт бөгжөөр бөгжлөв. (хүснэгт 1, 2). Эргийн шувуудын судалгааг гүйцэтгэж буй улс орон бүр судалгаанд хамрагдаж буй шувуудаа Олон улсын судлаачидтай тохиролцсоны дагуу тодорхой өнгө бүхий бөгжөөр бөгжилдөг. Манай улсын хувьд эргийн шувууны хөлний далавчит бөгжний өнгө цэнхэр, ногоон бөгөөд баруун хөлөнд нь зүүдэг (зураг 1). Түүнчлэн бид 5 зүйлийн 12 бодгальд сансрын дамжуулагч зүүж тэдгээрийн нүүдлийн судалгааг Чух нуураас эхлүүлээд байна. Хаврын судалгааны үр дүнгээр эргийн шувуудын энэ жилийн хаврын нүүдэл 6-р сарын 6 гэхэд дуусав. Бид шувуудаасаа морфологи хэмжилт авахаас гадна тэдгээрийн нүүдлийн үеийн тарга тэвээрийг үнэлдэг бөгөөд хэмжилт хийсэн нийт шувуудын 68% нь “туранхай” ангилалд бүртгэгдлээ.
Эргийн шувуу гэх бүлэгт далай, тэнгис, гол, нуур зэрэг уст цэгийн эрэг орчмоор амьдрах шувууд багтана. Эргийн шувуу нь алс хол нүүдэллэдэг, ус намгархаг газрын бохирдлын чухал индикатор болдог. Монгол оронд нийт 58 зүйл эргийн шувууд бүртгэгдсэн байдаг. Тэд Азийн хойд хэсгийн Сибирь, тундр, тайга, ой, хээрт үржээд Австрали, Африк болон Зүүн Өмнөд Азийн олон оронд хүрч өвөлждөг. Монгол орон дэлхийд ховор олон зүйл эргийн шувуудын үржих, нүүдлийн үедээ дайрч өнгөрөх чухал бүс нутаг тул олон улсын хувьд эргийн шувуудын судалгаа, хамгааллын онцгой ач холбогдолтой юм.
Сансрын дамжуулагч болон хөлний далавчит бөгж бүхий эргийн шувууд:
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ