2020 оны 02 сарын 04
Чоно, саарал чоно (Canis lupus) нь Canidae овогт хамаарах махчин амьтан бөгөөд тайга, тундр, хээрийн экосистемийн тогтвортой байдлыг зохицуулагч түлхүүр зүйл, бидний сайн мэдэх гэрийн тэжээвэр нохойн эртний өвөг эцэг болдог байна. Энэхүү зэрлэг амьтан нь тархалтаараа хүн төрөлхтний дараагаар, хуурай газрын тэн хагасыг эзлэн бусад хөхтөн амьтдын хамтаар амьдарч байсан. Хүн ба зэрлэг амьтдын уламжлалт зөрчилдөөний улмаас чонын тоо толгой буурч дэлхий даяар ховордож байгаа бөгөөд Улаан дансны шалгуураар олон улсад "устаж болзошгүй" гэх ангилалд орсон. Энэхүү бичвэрээр бид чоно- хүний харилцааны талаар бүр дурдахгүй харин чонын тухай тэр бүр бидний мэдэхгүй ер бусын зүйлсийн талаар өгүүлэх болно.
Говийн бүс нутагт амьдардаг чоно хөхтөн амьтад дундаас хамгийн хол зайг (жилд 7000 км-ээс ч илүү) туулдаг. Дагуурын хээрийн чоно өдөрт дунджаар 30-47 км, хамгийн ихдээ 190 км замыг туулдаг. Ази тивийн өргөн уудам бүс нутагт хурдтай давхиж холын зайд саадгүй шилжилт хөдөлгөөн хийж байгаа нь бартаа саад, цас багатай тал хээрийн ландшафттай холбоотой. Үүнээс гадна чонын шилжилт хөдөлгөөн нь идэш тэжээлийн байдлаас шууд хамаардаг. Идэш тэжээл хомс жилүүдэд олзоо олоход хүндрэл учирдаг учир идшээ хайж нутаг орноо сэлгэх хэрэгтэй болдог байна.
Өөр нэг сонирхолтой баримтаас дурдвал: зуны улиралд саарал өнгийн махчин амьтад жимс хийгээд загасаар хооллодгийг АНУ-ын хойд Миннесота муж дахь Вояжер үндэсний паркийн биологичид судалж тогтоосон байна. Жимс, загас нь тэдний хувьд улирлын чанартай идэш тэжээл болдог. Паркийн судлаачид “Жимс жимсгэнийн шингэц бага ч элбэг дэлбэг байдал нь тэдний хувьд идэш тэжээлийн чухал эх үүсвэр болдог. Жимс идэхийн тулд ангуучлах хэрэг байхгүй тиймээс идэш тэжээл хомс зуны саруудад энергийн зарцуулалтыг хэмнэж өгдөг” хэмээн тэмдэглэжээ. Дашрамд хэлэхэд зуны улиралд зөвхөн ой, тайгын төдийгүй талын чоно нь жимс тэр дотроо зээргэнэ, хужир шүү иддэг нь ажиглалтаар батлагдсан.
Чоно бол загасчид! Үргэлж биш ч, ийм зүйлс тохиолддог. Та бүхэн “Далайн” чоно гэж сонсож байсан уу? Үгүй ээ, тэд далайн дээрэмчид эсвэл ямар нэгэн зүйл далайн хөхтөн амьтан, загасны төрөл аль нь ч биш юм. Канадын Британи Колумб мужийн Номхон далайн эрэг дагуух зэлүүд газарт тус далайн чонын популяц амьдардаг. Этгээд сонин авираасаа гадна эх газрын төрөл нэгтнээсээ өнгө зүс, биеийн хэмжээгээ ялгаатай бөгөөд эргийн амьтдыг ангуучлан арлаас арлын хооронд сэлж чаддаг байна. Далайн чонын хоолны эх үүсвэрийн 90 гаруй хувь нь шууд далайтай холбоотой бөгөөд нийт идэш тэжээлийн 4/1 хувь нь яргай загас байдаг. Ангуучлах үедээ далайн чоно 12 км хүртэлх газарт сэлж чаддаг. Энэ нь гайхамшигтай биш гэж үү?
Өвөр-Байгалийн тал нутагт тэр бүр загасчилж эвсэл сэлэхгүй л болов уу, тиймээс хуурай газрын махчин амьтдын гол идэш тэжээл нь бор гөрөөс, зээр болдог байна. Түүгээр ч зогсохгүй идэш тэжээлтэй холбоотойгоор хүмүүс бидэнтэй зөрчилдөөн үүсгэдэг. ОХУ-ын Даурскийн БНГ-ын хамгаалалтын бүсэд амьдрах чонын сүрэг нь идэш тэжээлээ фермийн амьтдаас сонгон агнадаг. Зарим сүрэг нь унага, зарим нь тугал, өөр нэг нь нас бие гүйцсэн хонь агнахыг илүүд үздэг байх жишээний, үүний зэрэгцээ биологичид, анчид, малчид чононуудыг олзоо зууж яваад шуудайд хийсэн төмс шиг дурын газар орхин үүр лүү гээ буцдагийг ажигласан.
Даурскийн БНГ-т хийсэн бидний урт хугацааны судалгаагаар чононуудын мал сүрэг рүү довтлох тоо жил ирэх тусам багассан. Үүний шалтгаан нь тарвага, цагаан зээрийн тоо толгой ихэссэнтэй холбоотой нь ажиглагдсан.
Өвөр-Байгалийн малчид нь БНГ-ийн ажилд маш их дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Дагуурын хээрээ хамгаалах гэсэн тэдний чин хүсэл эрмэлзэл нь байгальд тохиолдох хачин, сонин үзэгдлүүдийг анзаарч, тэмдэглэхэд хүргэдэг болсон. Сүүлийн жилүүдэд БНГ-аас хийгддэг судалгаа, мониторингийн ажлуудад малчид хувь нэмрээ оруулж мэдээллийн санг өргөтгөхөд оролцож байна.
Дүгнээд хэлэхэд Даурскийн БНГ-аас чонын биологитой холбоотой маш олон төрлийн судалгааг сүүлийн таван жилийн турш хийж байна. Мөн бид ОХУ-д анх удаагаа чоныг GSM дохио дамжуулагч ашиглан алсын зайнаас тандан судалгааг хийж байна. Сүргийн тархалтын орон зай, ан хийх газар нутгийн хэмжээ, зан төрх болон бэлтрэгийн тухай бусад сонирхолтой мэдээллүүдийг олж авсан.
©Anastasia Kirilyuk, Daursky State Nature Biosphere Reserve
http://daurzapoved.com/index.php/en/interesting-stories/1123-volk-neobychnoe-ob-obychnom
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ