Дорнод Монгол - Дархан цаазат газар
Дорнод Монголын харьцангуй унаган төрхөөрөө хадгалан үлдсэн хялганат хуурай хээрийн ландшафтболон цагаан зээрийн байршлыг хамгаалах зорилгоор 1992 онд Монгол Улсын Бага хурлын 11 тоот тогтоолоор Дорнод Монголын дархан цаазат газрыг байгуулсан.
Дорнод Монголын ДЦГ нь Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутгийг хамарсан 589.905,53 га талбайтай.
Байршил, газар нутгийн хэмжээ, хамгаалалтын бүсүүд
Дорнод МонголынДЦГ нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутгийг дамнан нийт 589905,53 га талбайг эзлэн улсын хилийн дагуу баруунаас зүүн тийш ойролцоогоор 183 км сунан байрлана. Дархан газрын хилийн нийт урт нь 477 км, үүнээс улсын хилтэй давхцаж буй хэсэг нь 213 км юм.
Дорнодын ДЦГ-ын олон улсын ач холбогдол
Монгол орны төдийгүй дэлхий болон бүс нутгийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль түүх соёл шинжлэх ухааны ач холбогдолтой тусгай хамгаалалттай газруудыг олон улсын Хүн ба шим мандлын нөөц газрын жагсаалтад хамруулж, тэдгээрийн хамгаалалтыг сайжруулах асуудлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлдэг. НҮБ-ийн Шинжлэх ухаан боловсрол соёлын байгууллага (ЮНЕСKО)-ийн “Дэлхийн хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээ (MAB)”-д 2005 ондДорнод Монголын ДЦГ нь дэлхийд унаган байдлаа хадгалан үлдсэн хялганат тал хээрийн төлөөлөл, цагаан зээрийн амьдрах орчин болдогийн хувьд хамрагдсан байна.
Дорнод Монголын ДЦГ, түүний орчмын байгаль, түүх, соёлын өв
Вангийн цагаануул
1914 онд Монгол улсын гадаад хэргийн бүгд захиран шийтгэгч яамнаас бүх аймаг хошуудад Монгол улс туурга тусгаар төрөө байгуулсан тул улсын доторхи сүлд тахилга бүхий онгон дархан уул овоо, ус нуур зэргийн газруудыг тодорхойлон цэс үйлдэж ирүүлэхийг тушаасны дагуу үнэн сүжигт Илдэн Жон ван Доржпалам нь Вангийн цагаан уулыг Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Халхгол сумын гол тахилгатай хайрхан мөн болохыг тогтоосон байна.Хэцүү То-ван Тогтохтөрийн үеэс буюу 1860-аад оны үед нутгийн сүсэгтэн олон тахин шүтсээр ирсэн байна.
Вангийн цагаан уулыг манжийн өвөрлөгч хошууны ноёд манай нутгийн уул гэж маргах үед Хэцүү то ван энэ газар нутгаас 1 үхрийн ширний хэмжээтэй газар авъя гэсэнд Манжийн ноёд ийм бага хэмжээний газар юм чинь гээд зөвшөөрчээ. То ван нэгэн том үхрийн арьсыг элдэж нутгийн иргэдээр хурц хутгаар утас мэт нарийхан зүсүүлж уулын хормойгоор тойруулан явсаар уулаа авч үлдсэн гэдэг.
Вангийн цагаан уул:
Энэ Хайрханыг 1930-аад оноос 1990 оныг хүртэл албан ёсоор тахиагүй боловч нутгийн ард иргэд нууцаар ууландаа мөргөн залбирч, морьтой очиж идээ будааны дээжээ өргөдөг байжээ. Вангийн цагаан уул нь Дорнод аймгаас зүүн урагш 300 км-т ДЦГ-ын зэлүүд хэсэгт, байгалийн үзэсгэлэнт онгон дагшин, ан амьтнаар баялаг нутагт оршдог. 1990 оноос зарим иргэдийн санал санаачлагаар өнөөг хүртэл 3 жилд 1 удаа тахисаар ирлээ. Уулын тахилгад тус сумын иргэд, энэ нутагт ажиллаж амьдарч байсан олон үндэстэн, ястангууд оролцдог байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ